Monday, July 28, 2014

  Мөнх тэнгэр, Эзэн Богд Чингис хаан
түүний хууль цааз (засаг),
зарлигийн байрлал
Мөнх тэнгэр, Эзэн хаан, түүний хууль цааз (засаг), зарлигийн байрлалыг зураад харвал энд үзүүлсэн лүгээ адил дүр төрх харагдана. Мөнх тэнгэр нь Эзэн хаанаас дээр оршиж, бошиго зарлигийг агуулна (илгээнэ). Хаан түүнийг хүлээн авч өөрийн дор орших түмэн олондоо буулгана. “Зарлиг буулгана” гэх хэллэг ч мөн энэ байрлал хийгээд үйлийг бас зааж байна. Эзэн хаан тэгэхлээр, Мөнх тэнгэрийн хүчийг өөртөө буулган авч түүнээ бошиго зарлиг (“Их засаг” хуулиуд мэт) болгох ба өөрөө тэнгэрийн хийсвэр хүч, газрын бодтой хууль хоёрын огтлолцолд орших аж. Үүнийг ямар нэг байлдлаар хувиргалтын үйл явц болж байна гэх үндэстэй бөгөөд инженерийн ухаанаар бол тогтолцоонд шилжилт явагдаж байна гэсэн үг юм. Тухайлбал, тогтолцооны оролт нь тэнгэрийн хүч (өгөдлүүд), гаралт нь Эзэн хааны хууль зарлиг (үр дүн) болон хувирах үйл явц дотоодод нь болж байгаа хэрэг. Энэ бол мэдээлэл нэг тийш дамжин боловсрогдож буй удирдахуйн ухааны гол зарчим хэрэгжсэнийг харуулна. Хэрэв үүнийг О.Лхагва гуайн яриад буй Синергетикийн ухааны  талаас төгсгөлгүй хэмжээсээр төсөөлөн үзэхүл ухаарал гэгдээд буй сонголтын үйл явц болж буй нь тэр. Чингис хааны Мөнх тэнгэрийн үзэл бол зохиомол, тохиолдлын зүйл биш аль ч талаас нь харсан учир шалтгаантай, орчин цагийн шинжлэх ухааны арга зүйд хөрвүүлж болохуйц зүйл юм гэдгийг харуулсан ганц нэгхэн жишээ татахыг завдваас ийм байна. Мөнх тэнгэрийн хүчний тухайд, хэлэх үг гэвэл, энэхүү тэнгэрийн хүч нь эгэл хүмүүний хэрээс хэтийдсэн, зөвхөн тэнгэр язгуурт хаан хүнд заяасан бусдыг дагуулан нэгтгэх аугаа их эрч хүч, эр зориг, өөртөө итгэх гүн бат итгэл мөн гэдгийг л баттайгаар хэлж болох байна. Хэдийгээр Мөнх тэнгэрийг тал бүрээс нь судалсаар боловч түүний чанд мөн чанарыг онож бүрэн гүйцэд тайлахад өнөөгийн шинжлэх ухааны арга ухаан дангаараа хүрэлцэхгүй, ер боломжгүй, чухамдаа төмрийг модоор огтолсугай гэхтэй утга дүйж мэдэш юм.  Энэ нь Чингис хааныг бүрэн гүйцэд ухаж мэдэхтэй ч зарим талаар хамаатай. Тийм болохлоор, Эзэн Богд Чингис хааныг судлахад дан ганц шинжлэх ухааны сонгодог онол баримтлал, арга ухаан төдийгүй шашин, мөргөл, Эзотеризм, Оккультизм, Мистицизм гэх мэт ил ба далд, бодтой ба бодтой бус, шугаман ба шугаман бус юу эс мундах, хүмүүний оюун ухааны бүхий л боломжийг шавхан ашиглах нь зүй ёсны хэмээлдэнэ.
Хэвлээд харах
“Манай орны гол мөрд усны 3 ай савд хамаарагдана. Алтай, Хэнтий, Хангайн уулс нь дэлхийн усны хагалбар болдог”[18] гэж бичсэнчлэн дэлхий дээрх гол мөрөн манай нутгаар зааглагдан  урсгал салдаг бол Монголын нийгэм Өрнө ба Дорнын шашин соёлын уулзвар болдог байна. Үүнд Хятан, Зүрчид, Согд, Уйгур, Түрэг, Сартуул зэрэг хагас нүүдэлчин аймгууд ч чухал нөлөөтэй байв. Оюун санааны нэгдмэл байдал үүсгэх нь өөр бусад үзэл санааг нухчин дарж ганц “Мөнх тэнгэр”-ийн дор бүхнийг нэгтгэнэ гэсэн үг биш юм. Монголчууд түүний удирдагч Чингис хаан Будда шашны “Хятад, Солонгос, Япон, Вьеатнам, Камбож, Төвд, Тангуд; лалын шашин, түүний хоёр урсгал суннит, шийтийн Иран, Ирак, Хорезм, Афганистан; бөөгийн шашны Хар Кидан, ойн аймаг; загалмайн шашинтнууд, түүний урсгалууд –католик, үнэн алдартны Төв ба Дорнот Европ; өөрийн доторх несторианчууд; иуддейн өлгий Палестин, товчилбол, дэлхийн бүх шашинтныг ялгаваргүйгээр дайлжээ. Тэрбээр, аль нэг шашны нь талд орж нөгөөгийн эсрэг тэмцэж, их дайныг шашны шинж чанарт хүргээгүй юм”[19].
Монголчуудыг “Мөнх тэнгэр” үзлээс нь хөлбөрүүлье гэх гадны хүчин, оролдлого байсаар байжээ. Үүний нэг тод жишээ бол Чан чун бомбын айлчлал юм. Чингис хаан, Чан Чун бомбо хэн хэн нь тухайн үеийнхээ олон нийтэд нэр нөлөө бүхий, хүлээн зөвшөөрөгдсөн оюун санааны удирдагчид мөн тул тэдний уулзалт нь хэн хэндээ хүндэтгэлтэй хандсан дипломат явдал мөн байсан боловч басхүү тэдэнд тус тусын ашиг сонирхол ч байсан нь мэдээж юм. Чингис хааны хувьд “Мөнх тэнгэр”-ийн суртлаа барих, Чан Чуны хувьд Дорнын суурин иргэншлийн ёс суртлаар хаанд нөлөөлөх, болж өгвөл бомбын эрхшээл нөлөөнд оруулахыг оролдох боловч тэр нь бүтэлгүйтмэгц эргээд хааны эвээл хамгаалалтанд багтаж чадсан бөгөөд чухамдаа, тэнд “Мөнх тэнгэр” ба бомбын ёс суртал хоёр халз тулгараад авсан шиг байна. Чингис хааныг Күнзи, Будда, Лаоцзийн “гурван мэргэний сургаал”, Бомбын шашны нэг урсгал болох Цюаньчжэн (үнэн төгөлдөр) гэх эртний мэргэдийн сургаалаар гэгээрүүлэхийг Лю Вэнь[20], Елюй Чуцай, Чанчунь бомбо нар ихэд чармайн хүчин зүтгэл гаргасан боловч олигтой үр дүнд хүрсэнгүй. “Учир нь Чанчунь бомбыг хэд хэдэн удаа хүлээн авч Бомбын шашны ном суртлыг сонссон ч Монголын их хаан эртний “Гурван мэргэний” сургаалийг төдий л ойшоон болгоосонгүй, өөрийн Бөөгийн мөргөлд үнэнч хэвээр үлджээ”[21] хэмээн Н.Төмөр гуай бичсэн байна. Энэ нь Чингис хаан зөвхөн шашин мөргөлдөө төдийгүй “Мөнх тэнгэр”, язгуур Монгол ёс сурталдаа итэгсэн хэвээр үлдсэнийг нотлоно. Мөн Чингис хааны дэргэд 10 орчим жил шадарласан Елюй Чуцай  “Күнзийн сургаалаар улс орныг ноёрхон захирах” талаар удаа дараа санал тавьж зөвлөсөн боловч Чингис хаан түүнийг хүлээж авсангүй тухай “Номхон даянчийн зохиолын эмхтгэл” хэмээх зохиолдоо нэг бус удаа дурдсан[22] байдаг ажээ. Хаяа дэрлэн орших их суурин иргэншлүүдийн зүгээс янз бүрийн шугамаар иймэрхүү оролдого цөөн бус удаа гарсаар байсан баримтууд мэр сэр дайралдана. Европыг бүхэлд нь ноёрхож улмаар хүрээгээ Ази болон бусад зүгт тэлэхийг эрмэлзэх болсон Христийн ертөнц дахины үзэлтэй Монголчууд тулгарч байлаа. Ромын Пап, Христийн шашинтан Францын Луи хаан тэргүүтэн захидал, шаардлага ирүүж, элч номлогчдоо илгээж, “Мөнх тэнгэр” суртлаас нь урвуулан хөлбөрүүлэхийг чармайж байсан нь өнөөдөр нэгэнт тодорхой болсон зүйл. Тэр бүхэнд Чингис хааны залгамжлагчид Өгэдэй, Гүюг, Мөнх, Хубилай тэргүүтэн их хаад “Дээр гагц Мөнх тэнгэр, дор гагц Эзэн Чингис хаан” оршмуй гэх язгуур сурталдаа үнэнч хэвээр бат зогсож, үндэсний оюун санааны нэгдмэл байдлаа чанд сахин хамгаалж байлаа. Иймэрхүү шахалт тулгалт  лалын сурталтан нарын зүгээс ч мэр сэр гарч байж. Ер нь XII зууны үеийн үзэл санаа, ёс суртал, шашин мөргөлийн хоорондох зөрчил тэмцэл яван явсаар сүүлдээ бүр зэр зэвсгийг хангинуулан мөргөлдөхөд хүргэсэн, энгийн олныг хөнөөн хилмэгдүүлэх бусармаг хэргийн уг сурвалж болсон байж мэдэхээр билээ. Хожмоо “Мөнх тэнгэр” суртахууны хүч аажим боловч сулрах болсон тэр хэмжээгээр үндэсний оюун санааны нэгдмэл байдал алдагдан, Монголын эзэнт гүрэн задран унахад ч хүрсэн байж болохоор байна. Тэр бол Монголчуудад түүхэн явдлаас хүлээлгэсэн сургамж бас эмгэнэл байсан ажгуу.
Их Монгол улс албан ёсны бүх нийтийн бичиг үсэгтэй болсон, олон шашин зэрэгцэн номлохыг хүлээн зөвшөөрсөн явдал нь үндэсний оюун санааны нэгдмэл байдлыг бүрдүүлэхэд зохих хэмжээгээр эерэг нөлөө үзүүлсэн болов уу гэж бодогдоно. “Чингис хаан Хорезмыг дайлах үедээ Чан Чунь бомботой уулзсаны дараа “Гурван мэргэний сургаалийг нэгтэгсэн” (Кунз, Будда, Лао-зы нарын суртал) “Чүаньжэнь” ёсны суртлыг эзлэгдсэн орны хүн амын сэтгэл санааг төвшитгөх үйл хэрэгт ашиглах чиг бодлого баримталсныг Өгэдэй үргэлжлүүлсэн”[23] хэмээн Д.Наран гуай тэмдэглэжээ. Магадгүй сүүлд Хубилай хаан төрийн хэрэгт Бурханы шашиныг нэвтрүүлсэн нь нэг талаас Хятадын Күнзийн болон Бомбын суртлыг нэвтрүүлэхгүй хаалт болгох, тэр нь Монголчуудын хувьд чухал байх, нөгөө талаас Хятад мэт их үндэстнийг Бурханы шашин дор нэгтгэн захирах нь илүү дөхөмтэй байсан байж болох. Яагаад гэвэл, тэдгээр суурин иргэд Бурханы шашныг нүүдэлчдийн “Мөнх тэнгэр” суртахуунаас эрх биш, илүү ойр дөт хүлээн авах болов уу гэсэн найдлага байсан ч байж болно. Олон шашныг хэдийгээр хүлээн зөвшөөрөх боловч тэр бүхнийг өөрсдийн “Мөнх тэнгэр” –т багтаан үзэж, олон янз шашин суртал байвч тэд эцсийн бүлэгт “Мөнх тэнгэр” суртал ёсоор эе эвийг эрхэмлэх ёстой байсан ажгуу. Хубилай хаан ордондоо Христосын, Бурханы, Исламын, Еврейн шашны баяр ёслолыг тэмдэглэдэг байсан бөгөөд энэ дөрвөн Богдын аль нь ч орчлонгийн ард иргэдэд хүндлэгдэн шүтэгддэг, хурмаст тэнгэр дээр хамгаас хүчирхэг, хамгаас үнэн байдаг учир миний тэдэнд сүсэглэж намайг авран тэтгэж байхыг даатгадаг хэмээн хэлдэг тухай Марко Поло тэмдэглэжээ. Энэ нь өнгөц харахад олон шашныг хүлээн зөвшөөр байгаа төдий боловч үнэн хэрэгтээ “Мөнх тэнгэр” суртахууны эе эвийг эрхэмлэсэн оюун санааны нэгдмэл байдлыг бүрдүүлэх, тэгээд амар амгалан оршин амьдрах үзэл санаа буй гэвэл төөрөгдөл лав биш болой.
“Эцэст нь, Монголууд  тюркүүд, Хүн нар, Марматууд, Скифүүд нь Эллинүүд, Ромынхон, Араавууд, Францууд, Германууд, Англиудаас юугаараа ч доргүйг хэлье”[24] гэх маягийн үзэлтээр түүх бичлэгийн хандлагыг өөрчилж байсан Л.Н.Гумилев авхай Чингис хааны ер бусын чанарыг олонтаа хүлээн зөвшөөрсөн байдаг. Тэгэхдээ Л.Гумилев Их хааны ер бусын амжилтыг “пассионар түлхэлтээр програмчлагдсан”, “их засаг хуулийн хүч” мэттэй холбосон байдаг бол бидний хувьд ”Мөнх тэнгэр” үзэл хийгээд хааны суу заль мэтэд хамаг учир начир оршин байсан бус уу гэх гээд байгаа улс. Шулуухан хэлэхэд, Мөнх тэнгэр үзэл тухайн үедээ Монголчуудын оюун санааны нэгдмэл байдлыг үүсгэн түүний хүчээр эв эеийг эрхэмлэн сахиж, болд төмөр мэт нэгдэж нягтарсны хүчинд их ялалт амжилтад хүрсэн бус уу гэх санааг хэлэх гээд байгаа хэрэг. Үүнийг зөвхөн өнгөрсөн түүхийн баримт сэлт төдийгүй өнөөгийн Монголчуудын амьдралын үнэн бодтой ахуйг амьдран өнгөрүүлсэн туршлага, ажиж тандсан судалгаа, бодож тунгаасан эргэцүүлэлд тулгуурлан хэлж байгаа болно. “Нүүдэлчид ялан дийлэх чадвараа алдаж, харин суугуулууд нь XIII зууны эхэнд байсан тэр чадвараа хадгалсаар иржээ”[25] гэсэн Гумилов авхайн эл үг нүүрийг нь бүү хэл нүдийг нь оносон мэт.  Яагаад тэр чадвараа алдав? Яагаад гэвэл, эхний ээлжинд оюун санааны нэгдмэл байдлаа (Мөнх тэнгэрийн хүчийг) алдсан гэж хэлэхэд илүүдэх юун билээ.
Үнэндээ, XI-XIII  зуунд бол зөвхөн Монгол нутагт төдийгүй Баруун Европ, Ойрхи Дорнод, Энэтхэг, Иран, Өмнөд газар хай сайгүй овгийн байгуулал задрах явц давамгайлсан хэсэг бусгаар тэмцэлдэн хямралдаж “Орондоо унтах завгүй олзлолдон булаалдаж”  байжээ. Ийм цаг үед оюун санааны нэгдмэл байдал бий болгох нь ёстой л тэнгэрээс буулгасан бошиго зарлиг гэхээс өөрөөр үзэхийн аргагүй байсан гэлтэй. Манай гараг дээр хувьчилж эс болох ганц зүйл аваас агаар тэнгэр юм. Энэ бол хүмүүн олны орь ганц дундын өмч, үнэт зүйл мөн. Нэгэнт л тийм нэг хамтын “өмч”-тэйгээс хойш түүнээсээ хэн нь илүү эсхүл дутуу хүртэх тухай ойлголт бүдгэрч зөвхөн нийтлэгийн тухай ярихаас өөр аргагүй болно. Өөрөөр хэлбэл, нийтийн ёс жаягаар аж төрөхөд хүрнэ. Бидний ярилцан буй Тэнгэрийн үзлийн мөн чанар ч үүнтэй холбоотой байж юуны магад.
Монгол ардын билиг сургаальд эвлэлдэн нэгдсэнээр хүчжихийг өгүүлэхдээ:
Хоёр хүн эвтэй болбоос төмөр хүрээ мэт бэх,
Хорин хүн эвгүй болбоос эвдэрхий хүрээ мэт хэврэг.
Өнөр хүн эвгүй болбоос өнчин хүний элэг болох
Олон хүн эвгүй болбоос оорцог хүний идэш болмой[26]
хэмээсэн байх ажээ.
Хэдийгээр дайтан байлдах, эвдэн бусниулах таагүй явдал байсан боловч чухамхүү түүнийг л дахин давтан гаргуулахгүйн тулд энх амгаланг тогтоох “Мөнх тэнгэр”-ийн үзэл санаан дор эвлэлдүүлэн нэгтгэхийг зорьж байсан нь өнөөдөр тодорхой болж байна.  Үүнийг ч олон улсын хүрээнд хүлээн зөвшөөрч Pax Mongolica хэмээн томъёолж улс төр, эдийн засгийн нэгэн нэгдмэл хамтын нийгэмлэг бий болгохын төлөөх тэмцэл гэдгийг мэдэх боллоо.
Монгол улс бүхэл бүтэн хоёр зууныг дамжин дэлхийн хүчирхэг их гүрэн болсон нь зөвхөн цэргийн сүр хүч төдийгүй үзэл суртахуун, соёл боловсрол, шашин мөргөл тэргүүтэн оюун сэтгэлгээний хүчирхэг нэгдмэл тогтолцоо бүрдсэн явдал их үүрэг гүйцэтгэсэн нь тодорхой.  Оюун санааны нэгдмэл байдлыг зүйрлэн хэлбэл иргэн бүрийн сэтгэл, оюуны баялгийг нэг савд хураах явдал байсан мэт. “Сааль бэлдэхээр саваа бэлдэх” сэтгэхүйгээр Чингис хаан саваа бэлдсэн нь ойлгомжтой. Тэр сав нь бидний ярилцан буй “Мөнх тэнгэр” ажгуу. Өөрөөр хэлбэл, Чингис хаан түүнд бүх Монголчуудын сэтгэл оюуныг хураан нэгтгэж, нэгэн цогц болгон нягтруулж чаджээ гэсэн үг. Тийм ч учраас “Сэтгэлийг хурааваас бие нь хааш одох” хэмээн айлдсан болов уу. Өнөөдөр харин тэрхүү оюун санааны нэгдмэл цогц хаана оршино? Устаж алга болсон уу? Эвдэрч сүйдсэн үү? Задарч бутарсан уу?… Түүний элтэрхий хэлтэрхий эртэн цагийн булш буханд орсон уу? Сүм хийдийн бурхан тахилд шингэсэн үү? Онго шүтээн болж уул хаданд гарсан уу? Эсхүл Монгол хүн бүрийн зүрх сэтгэлд мөнхрөн үлдсэн үү?… Хичнээн удаж, юунд хувилсан ч устаж алга болоогүй нь хэн бүхэнд ойлгомжтой. “Монгол хүн бүрийн эртний язгуур үндэс болсон амин сүнс устдаггүй бололтой. Тэр амин сүнс л Монгол хүнийг Манж нарт ялагдуулаагүй, Түвд буддын шашинд сөхрүүлээгүй, социализмд хөл алдуулаагүй бас ардчилал нэртэй хувьсгалд тархи угаалгуулаагүй”[27] хэмээн С.Молор-Эрдэнэ гуайн хэлсэнтэй санал нийлнэ. Харин оюун санааны нэгдмэл байдал маань хэсэг бусгаар тарсан, далдлагдсан, мартагдсан байж мэднэ. Тэрхүү нэгдмэл байдлаа сэргээн нэгтгэх хэрэгтэй.  Зөвхөн сэргээн нэгтгээд зогсохгүй байнга нөхөн сэлбэх хэрэгцээ буй. Тэр нь сургууль боловсролын хэргийг хөхиүлэн дэмжих  түлхэц ч бас болмуй. “Нийгэм доод шатнаас дээд шатанд дэвшин хөгжихийг хүлээн зөвшөөрвөл тэр нь энергитэй шууд холбогдох болно. Тэрхүү энергийн үүсгүүр нь нийгмийн хувьд боловсрол юм”[28]

Мөнх тэнгэр” бол Монголчуудын оюун санааны нэгдмэл байдлын үндэс буюу

 Чагнаагийн Пүрэвдорж
Нягт гэх физик ухагдахуун буй. Илүү нягт бодис нягт багатайгаа дийлддэг нь амьдрал дахь ерийн үзэгдэл. Жишээ нь шидсэн чулуу шаварлаг буюу элсэрхэг хөрс рүү шигдэн орох мөртлөө энгийн хатуу хөрс рүү үл шигдмой. Бууны сум юуг боловч нэвтлэх чадвартай нь түүний нягт сайнтайг илтгэнэ. Нойтон цасыг нягтруулан базаад шидвэл хөнгөн сэвсгэр цасыг хялбархан нэвтлэн орно. Энэ бүхэнд хүч ба хурд гэгдэхээс гадна нягт хэмээх хэмжигдэхүүн нөлөөлж буйг мэдэхэд төвөггүй. Харин бодисын нягт жигд үү, жигд бус уу гэдгээс нөхцөл байдал нилээд шалтгаалахыг орхигдуулж  болохгүй. Энэ мэт нь физик биетийн нягт хэмээх хэмжигдэхүүний тухай нүдэнд харагдаж, гарт баригдам бодтой  баримтууд болно. Дундад эртний Монголын нийгэмд болж өнгөрсөн үзэгдлийг тэр мэт баримтын адил төсөөтэй талд дулдуйдан танин мэдэхдээ ашиглахыг оролдож болох мэт. Зохиогч үүнд хэдийгээр метафизик маягийн хандлага гаргаж буйгаа мэдсээр авч дидактикийн арга зүй төдийхөнд хэрэглэх гэснээ хэлэх хэрэгтэй.  Өөрөөр хэлбэл, тэр үеийн Монголын нийгэм хэрхэн хүчирхэг байсны уг сурвалж нь мөнөөх бөмбөрүүлэн нягтруулсан цас лүгээ адил эсхүл шидсэн чулуу лүгээ адил нягт цул болж чадсанд байнам бус уу гэх эргэцүүлэл төрнө. Нийгэм тийнхүү эе эвээ олох, нэгдэж нягтрахуйн үндэс нь зан заншил, сүсэг бишрэл, итгэл үнэмшил, эв эеийг эрхэмлэсэн үнэт зүйл тэргүүтнээс уламжилсан оюун санааны нэгдмэл байдал юм. Тэгэхдээ, олон түмэн нэг зүг өөд хандаж  оюун санааны нэгдмэл байдлыг буй болгоход тэднийг сэнхрүүлэн, зоригжуулагч, дагуулан хошуучлагч хүчирхэг удирдагчгүйгээр бүтэхгүй нь ойлгомжтой.  Тэр цагийн Монголчуудын оюун санааны нэгдмэл байдлыг буй болгоход эдүгээ бидний ярилцан буй тэнгэрийн буюу тэнгэрчлэх үзэл чухал үүрэг гүйцэтгэсэн бололтой.
Тэнгэрийн шашин,  тэнгэризм (Tengrism, Tengriism, Tengrianism)  бол Төв Азийн улс түмний бөө мөргөл, анимизм, тотем шүтлэг, политейзм ба дээдсийн шүтлэгт үндэслэн буй болсон Алтай хэлний язгуурын ард түмний өвөрмөц шашин шүтлэг[1] юм. Ажаад байхад, тэнгэр шүтлэг нь жилийн дөрвөн улирлын ихэнхэд нартай, тэнгэр бүтнээр харагддаг газар нутгийг хамарсан шиг байгаа юм. Буриад, Тува, Татар, Киргиз, Казак, Сааха, Хакас зэрэг Алтай хэлний язгуурын үндэстний дунд коммунизмын дараагаас Тэнгэризм сэргэж эхэлсэн байна. Тэнгэризм нь уламжлалт соёлын хэлбэрээр Туркчүүдийн дунд мөн оршсоор иржээ. Сүг зураг, булш бунхан, хөшөө, дурсгал болон олон зүйл археологийн олдвор малтлагын баримтууд Монгол нутагт аж төрж байсан эртний нүүдэлчид тэнгэр шүтлэгтэй  байсныг гэрчилнэ. Манай төрийн бэлгэ тэмдэг соёмбонд нар, сарны дүрс буй. Энэхүү эртний бэлэг тэмдгийн цаана ч мөнөөх тэнгэр явсаар буй нь тэр. Эртний Хүннү гүрэн тэнгэрийн шүтлэгтэй байсан[2] гэх бөгөөд манай Монгол улсын хувьд өнөө хэр тэнгэр нь шүтлэг бишрэлийн субъект болсон хэвээр байна. Өнгөрсөн зууны ерээд оноос Дархад, Буриад, Хотгойд, Халх, Өөлд, Баяд, Дөрвөд, Торгууд, Дариганга, Сартуул, Урианхай, Тува зэрэг олон Монгол ястан бөө мөргөлөө өөр өөрийнхөө  онцлогийг хадгалан сэргээн хэрэглэж байна. “Эртний монголчуудын шашны үзэл нь байгалын энгийн тодорхой юмс үзэгдлийг шүтдэг байснаасаа гарч, хийсвэрлэн улмаар тэнгэр хэмээх хийсвэр ойлголт буй болгон шүтэх болжээ. Тэнгэр хэмээх ойлголтод байгалын харагдах ба үл харагдах бүх хүчийг хамруулан үзэж байсан бөгөөд эхлээд тэнгэрийг газар усны нэгэн адил тодорхой үзэгдлийн утгаар шүтэж байснаа сүүлдээ харагдах тэнгэрээс үл харагдах хийсвэр тэнгэрийг шүтэхэд хүргэсэн байна” гэж Ч.Жүгдэр гуай өгүүлжээ. Харин Мөнх тэнгэр бол тэнгэр шүтлэгийн хөгжлийн онцгой үе бөгөөд Монголчуудын гэх өвөрмөц онцлог бүхий нэгэн урсгал чиглэл ч гэж хэлж болохоор зүйл юм. Хүмүүн байгальдаа төрж, тэндээ амьдарч, мөн тэндээ үлддэг ажгуу. Энэ бол бөө мөргөлийн язгуур санаа болмуй.
Квант механикт бөөмсийг бөөмлөг (материаллаг) ба долгиоллог (энергилэг) бvтэцтэй гэж баталдаг бөгөөд vvнийг бvтцийн дуализм гэдэг. Материаллаг бус зүйл (ухамсар) хийгээд материаллаг зүйл (матер) нь бие биеийг харилцан нөхдөг, субстанцийн хувьд тэнцүү чанартай гэх үзэлтийг философид дуализм гэнэ. Дундад эртний үе хүртэл Монголчууд орчлонг эцэг тэнгэр, эх газар гэх хоёр үүтгэлтэй хэмээх нь үнэн хэрэгтээ дуалист хандлага юм. “Ертөнцийн бүх юмс үзэгдэл заавал нэг нь нөгөөгөөс ялгаатай хосууд байдаг. Үүнийг ялгагдахуй буюу хос хууль хэмээн нэрлье”[3] гэж Х.Сүхбаатар гуай бичсэн байна. Тэрээр зурхайн аргад түшиглэн өөрийн ялгагдахуйн онолоор Мөнх тэнгэрийн хүчийг тайлахыг хичээжээ. Түүний онолоор 12 жилийг дөрвөн махбодод хуваавал хийн гурвал гэгдэх морь, нохой, барс ивээл буюу зөв гурвалжны гурван оройг үүсгэнэ. Эл гурвалд оролцогчид хоорондоо нийцтэй бусад гурвалынхтайгаа нийцэхгүй бөгөөд хий нь эвсэж нэгдэхийн болон дээд зэргийн оюун ухааны бэлэг тэмдгээр бусдаас ялгагддаг байна. Тийнхүү хийн гурвалын морь, нохой, барсын хүчирхэг багц дээр хий махбодтой Монголчуудыг нэмэхлээр эр, зориг, оюун ухаан, бие бялдар төгс бие даасан цогц үүсдэгийг мэдэрч их эзэн Чингис Мөнх тэнгэрийн хүч хэмээн нэрлэсэн хэмээн Х.Сүхбаатар гуай хэлсэн байна.
Уул, усыг шүтэх нь бөө мөргөлийн эхэн үе, түүний нэг хэлбэр ажгуу. Бөө мөргөл бол сүнсний хувилбар болсон онгодыг шүтнэ. Бөө, удган нарын хээрийн онгон он удсаны эцэст лус, савдаг болон  уул, уснаа эзэн (сахиус) суудаг гэх үзэлт бөөгийн шүтлэгийн үндэс болно.  Дор орших уул, усыг  тус тусад нь лус, савдаг гэх хоёр сахиусанд мэдүүлэх авч  түүнээ газар хэмээн ерөнхийлэн нэгтгэж, эх этүгэн хэмээгч нэгэн эзэнд захируулна. Тэгтэл дор орших эх этүгэн түүний дээр эцэг хэмээгдэх тэнгэр гэгдэх өөр нэг оршихуй байх нь гарцаагүй болж ирнэ. Тийнхүү тэнгэр, газрыг шүтэх логик уг сурвалж үүсдэг байна. Дундад эртний эхэн үе бол Монголчуудын тэнгэр, газрын дуализм ид хөгжиж байсан түүхэн цаг үе ажээ. “Чингис хаан Монгол үндэстнийг нэгтгэж, Их Монгол улсыг байгуулсны дараа  засаг  төрийн   зохион  байгуулалтыг  бий болгохын зэрэгцээ Монголын уламжлалт шашинд өөрчлөлт шинэчлэлт хийж,  цорын ганц бурханыг шүтэн бишрэх монотеизм буюу Мөнх тэнгэрийн шашныг үүсгэн байгуулсан”[4] гэж дээрх үндэслэгээг баримтлан Г.Гэрэлбаатар гуай бичсэн байна.  Өөрөөр хэлбэл, хуваагдал, талцал газар авч өрсөлдөн тэмцэлдэж байсан тэр цагт “Тэнгэрт нэг нартай атал газарт хоёр хаан хэрхэн байх” гэх сэтгэхүйг удирдлага болгож Монголын нэгдсэн улс байгуулахыг эрхэмлэх болсон нь Монголчуудын шашин, философи сэтгэлгээнд монотеизм болон илрэн гарсан нь Чингис хааны шашины шинэтгэл байсан гэж Г.Гэрэлбаатар гуай үзсэн хэрэг. “Чингис хаан өөрөө абсолют, субстанц Мөнх тэнгэр хэмээх хүчин зүйлийг гүн ухаарч байснаас гадна Их Монгол улсыг байгуулсныхаа дараа Мөнх тэнгэрийн шашныг дундад зууны жишгээр шашны сонгодог хэлбэрт оруулж, Монголчууд хийгээд дэлхийн ард түмнээс цорын ганц шударга үнэн, хамгийн сайн нь болох “Мөнх тэнгэр” хэмээх бурхныг итгэн бишрэхийг уриалж байсан нь баримтаар нотлогддог билээ”[5] хэмээх   Г.Гэрэлбаатар гуайн үг нэгэн хувилбар санааг яах аргагүй өгүүлнэм зээ.
“Нүүдэлчдийн тэнгэр бол шашин мөргөл бус, бурхан ч үгүй чөтгөр ч үгүй, номхрууллын суртал номлол ч биш гагцхүү зөн билигийн их цараанд цэгцэрсэн “Тэнгэрийн” жам – эрдэм ухаан юм”[6] хэмээн О.Лхагва, Л.Эрдэнтуяа нар үзсэн байна.  Тэрээр бас Мөнх тэнгэр бол эрин цагийн физик синергетикийн хэллэгт ойртуулбал тэнгэр- газар- сүнс -бие- сэтгэлийн сүлэлдэхүйн үйлийн жинхэнэ үр нь болж бүрэлдсэн эрдэм буюу нүүхүйн жам[7] гэжээ. Өөрөөр хэлбэл, бодис болон сүнс мэдээллийн холограф сан руу хүн зөн билэгийн увидасаар нийлэхэд Мөнх тэнгэрийн хүчин буюу Орчлонгийн жамыг бие – сэтгэл, эд эсийн гүнээс мэдрэх шид бүрэлддэг гэдгийг шинжлэх ухааны үндэстэйгээр нотлохыг оролдсон байна. Тэгэхдээ, Парисийн их сургуулийн профессор Алэйн Аспектийн туршилт[8], холографын 3D технологи, Нобелийн шагналт фикизч Д.Бомын таамаглал[9] зэрэг орчин цагийн шинжлэх ухааны шинэхэн ололтуудыг ашиглаж судалгааныхаа үндэслэлийг боловсруулжээ. Өрнийн шинжлэх ухаан бол аль эртнээс тусгай мэргэшсэн судлаачтай, судалгааны багаж төхөөрөмж бүхий лабораторитай байсан. “Нүүхүй” амьдрал бас  байгалаа хүндлэх үзлээс үүдэн нүүдэлчдэд тийм боломж бүрдээгүй учраас тэдэнд ил далдыг зөн билигээр таних шид чадал заяасан байна. Зөн билигт бөө нар бол жинхэнэдээ онгодын төлөвт хүрч Орчлонгийн холограф сангаас ил, далдын хувь тавилангийн мэдээллийг мэдэрч дамжуулдаг “идтэй” хүмүүс байж хэмээн О.Лхагва гуайн хийсэн гаргалаг бол ихэд сонирхолтой төдийгүй Монголчуудын Мөнх тэнгэрийг тайлахад хувь нэмрээ оруулсан бас нэгэн хувилбарт санаа юм. Үүнтэй холбогдуулан, Мөнх тэнгэрийг бишрэх үзэл бол хүмүүний ёсноос дээш халин гарах аугаа их суу залийн үр Хас төрийг мэргэн, чадамгай, шударга явуулах, хүчирхэг болгоход оюун ухааны эрчим хүчийг хураан зангидаж хэрэглэх арга ухаан байсан. Тиймээс Мөнх тэнгэрийн хүчний үзэл бол Монголчуудын амьдралын туршлага, ажиглалт, дүгнэлт, оюун санааны хийгээд бясалгалын ололт, оюун ухааны дээд төвлөрөл байв[10]  гэсэн Ж.Бор гуайн оюун дүгнэлтийг нэмэн хэлэхэд илүүдэх юун.
Мөнх тэнгэрийг Дорно дахины шүтэн барилдахуй хийгээд хоосон чанарын онол ба орчин цагийн онолын физик талаас судалсан хүн бол Б.Жадамбаа гуай юм. Бөө мөргөлийн ухамсар Монголчуудын өдөр тутмын амьдрал, бодит ахуйгаас баяжин хөгжсөөр XIII зууны үе буюу Чингис хааны үед оргилдоо хүрсэн төдийгүй Монголчуудын ертөнцийг үзэх “Шүтэлцэн багцрахуй” буюу “Мөнх Тэнгэр” үзэл болсон гэж тэрээр үзсэн байна. Энэхүү “Шүтэлцэн багцрахуй” үзэл буюу сэтгэлгээ нь нүүдэлчдийн ахуй, амьдрал ямагт байгальтай уялдаатай, түүний нөлөөн дор, хамаарал бүхий байсантай холбоотой үүсэн бүрэлдсэн учир өнөөгийн хэллэгээр бараг байгалын ухаан буюу түүнээс улбаатай сургаал гэж болох талтай гэсэн байна. “Эртний нүүдэлчин Монгол хүмүүн “Мөнх Тэнгэр” гэдгийн дор хүмүүн өөрийнхөө нэвчин шингэсэн тухайн агшин дахь хүрээлэн буй байгаль – нийгмийн нэгдмэл огторгуйг  буюу өөрөө хэзээ ч салшгүйгээр тухайн агшин дахь хүрээлэн буй байгаль – нийгмийн нэгдмэл оронтойгоо харилцан шүтэлцэн багцарч нэг болсон тэрхүү огторгуйг ойлгодог байжээ хэмээн хэлж болох юм”[11]. “Мөнх Тэнгэр” гэдгийг газар, газраас дээших хязгааргүй орон зай “Хөх”,  дэлхий, түүн дээрх хүмүүс буюу хүмүүний нийгэм, түүний бүтээн бий болгосон соёл (байгаль-нийгмийн нэгдмэл орон зай буюу Евклидийн гурван хэмжээст огторгуй) ба цаг хугацааны нэгдэл (байгаль –нийгмийн нэгдмэл орон зай ба цаг хугацааны нэгдмэл орон буюу Минковскийн дөрвөн хэмжээст огторгуй- хугацааны орон зай) болох “Хөх Тэнгэр”[12] болон уг хүмүүний “шүтэлцэн багцрахуй” болсон огторгуй хэмээн Монголчууд үздэг байсан гэж  Б.Жадамбаа гуай тайлжээ.
Мөнх тэнгэрийг нийгэм, хүмүүнлэгийн үүднээс нилээд нухацтай судалсан эрдэмтэн бол Ш.Бира гуай юм. “Эртний Монголчууд Тэнгэрийг ихэд тахин шүтэж, аливаа ариун нандин бүхнээ, үүний дотор төр улсаа дээдлэн өргөмжлөхдөө юуны өмнө Тэнгэр бурхантай шууд холбон үзэж энэ талаар улс төрийн бүхэл бүтэн сургаалыг буй болгосон бөгөөд түүнийг бид Тэнгэрийн үзэл буюу Тэнгэризм хэмээн нэрлэж байгаа юм”[13] хэмээн Ш.Бира гуай өгүүлжээ. Түүний үзсэнээр Монголчуудын Тэнгэрийн үзэл нь хөгжлийн гурван үеийг туулан бүрэлдсэн гэнэ.
Тухайлбал:
  1.                         I.         Монголын хаант төр Тэнгэрлиг язгууртай нь
  2.                        II.         Тэнгэрийн үзэл ба тэнгэрчлэх үзэл
  3.                      III.         Тэнгэрчлэх үзэл ба Чакраварди хааны тухай үзэл эдгээр болно.
Монголчууд өөрсдийнхөө төр улсыг анхлан байгуулах үесээр тэдний бүхий л санаа бодол, үзэл онол нь нүүдэлчдийн уламжлалт шүтлэг болох бөө мөргөлийн суртлаар тодорхойлогдож байжээ. Мөнх буюу Хөх тэнгэрийг тахин шүтэх ёс нь бөө мөргөлийн үзлийн нилээдгүй хөгжсөн хийсвэрлэг үзэл баримтлал байсан бөгөөд тэр нь эцсийн бүлэгт Монгол хаадын улс төрийн үзэл суртлын үндсийг тодорхойлж байжээ[14]. Өөрөөр хэлбэл, нүүдэлчин түмний Тэнгэрийг шүтэх үзлийг Чингис хаан төрийн бодлогынхоо нэг чухал үзэл болгон чадамгай хэрэглэсэн байна. Тэр нь түүхийн үйл явцын өрнөлтийн явцад улам бүр гүнгийрэн хөгжсөөр эцэстээ тухайн үеийнхээ дэлхий дахиныг хамарсан Монголын өргөн түрэмгийлэл, түүний үр дүнд буй болсон Их эзэнт гүрнийг улс төр, хууль зүйн үүднээс зөвтгөн үндэслэхэд зориулагдсан нэгэн төрлийн ертөнц дахины (тэнгэрчлэх) шинжтэй үзэл суртал болон хувирсаныг Ш.Бира гуай судлан тогтоосон байна. Тэр нь цааш гүнгийрэн явсаар дэлхийчлэлтэй холбогдох сэжим байгаа тухай санааг энэ эрдэмтэн дэвшүүлэн тавьжээ. Ш.Бира гуайн бүтээлд буй өөр нэг сонирхолтой үндэслэгээ бол  хаанд Мөнх тэнгэрээс заяасан түүний суу залийн тухай буюу улмаар тэр нь өнөөгийн харизма гэх ухагдахуунтай дүйцэх тухай асуудал юм. Энэ асуудлыг Японы эрдэмтэн Масао Мори авхай анх хөндсөн бололтой. “Суу зали бол хаан хүний салшгүй мөн чанар байдаг ба түүнийг гагцхүү Мөнх тэнгэрээс заяадаг учир “суу зали үгүй хэн ч атугай хаан болж үл чадна. Суу зали бол хаанд зөвхөн хувь хүний хувьд нь бус, ерөөс тэрхүү хааны удам урагт нь, ургийн гишүүдэд нь Тэнгэрээс заяасан онцгой дархан хувь заяа буюу эрх дарх мөн байжээ” хэмээн Ш.Бира гуай дүгнэсэн байна.
Ийнхүү Ш.Бира, Б.Жадамбаа, О.Лхагва, Г.Гэрэлбаатар нарын зэрэг мэргэдийн бүтээлээс  машид товчлон өгүүлэв. Харин үүний учир нь эдгээр мэргэдийн бүтээл дэх санаа оноо, илтгэл айлтгалаас өөрийн мөхөс ухаанд буусан хэмжээгээр бага сага боловч мэдээлэхийг хичээсэн болохоос биш зохиогч миний бие тэдгээрт үнэлэлт дүгнэлт өгьюү гэх хэрээс хэтэрсэн их санаа ер агуулсангүй бөгөөд тэдэнтэй цэц булаацалдахыг бүр ч цээрлэсэн болно. Гэхдээ ардчилсан оронд аж төрөгч бусдын адил хэвлэн нийтлэх эрх чөлөөг эдлэн,Тэнгэрийн үзлийн талаар хувийн цөөн санал  хэлэлгүй өнгөрч болшгүй нь.  Юун түрүүнд тэмдэглэхэд, мэргэн судлаач нар Тэнгэрийн үзлийг үнэхээр тал бүрээс судлан шинжилж сонирхолтой сайхан дүгнэлтүүд хийжээ. Тухайлбал, Мөнх тэнгэрийг Ш.Бира гуай  улс төрийн сургаал болохын нь хувьд, О.Лхагва гуай эрдэм ухаан болохын нь хувьд, Б.Жадамбаа гуай байгаль-нийгмийн нэгдмэл огторгуй болохынх нь тухайд, Г.Гэрэлбаатар гуай шашин мөргөлийнх нь тухайд задлан шинжилж, судлан дүгнэжээ. Ш.Бира гуай Мөнх тэнгэрийн үзлийн хөгжлийн үе шатыг нарийвчлан тогтоож, тэдгээрийн дотоод, гадаад холбоо хамаарлыг илрүүлсэн байна. Тэрээр Мөнх тэнгэрийн үзэл хөгжлийн тодорхой үеэс эхлэн тэнгэрчлэх хандлагатай болж, улмаар яван явсаар өнөөгийн дэлхийчлэх (глобализация, globalization) үзэлтэй ирж холбогдож буйн учир шалтгааныг тодорхой гаргав. Мөн орчлон бол бүхий л мэдээллийг нь багтаасан супер холограф гэсэн Д.Бомын онолд тулгуурлан, нүүдэлчид тэрхүү холограф сангаас хувь тавилангийн мэдээллийг мэдэрч дамжуулдаг байсан гэх үзэлтээр Чингис хааны ид шидийн нууцыг тайлах гэсэн О.Лхагва гуайн шинжлэх ухааны таамаглалыг ор тас үгүйсгэх бас  яг батлах аль аль нь амаргүй юм. Зохиогч миний үзэхээр манай эрдэмтэдийн хэлээд буй олон зүйл нь чухамдаа нэг л юмны тал, тал мэт санагдана. Бүр тодруулан хэлбэл, Мөнх тэнгэрээс үүтгэлтэй шашин, философи, үзэл санаа, онол, суртахуун, эрчим, мэдээллийн цогц тогтолцооны тодорхой тодорхой талууд, шинж чанарууд гэж хэлмээр юм шиг ухагдана. Өөрөөр хэлбэл, Мөнх тэнгэр бол үзэл санаа ч мөн, эрдэм ухаан ч мөн, шашин мөргөл ч мөн бас огторгуй буюу цаг хугацаа, орон зайн нэгдэл ч мөн юм. Тэгэхлээр “Мөнх тэнгэр” бол нийгмийн ухамсарын нэгэн илрэл түүний Монгол маягийн тогтолцоо гэж үзэж болохоор ажгуу. Мөнх тэнгэр хэмээх ухамсарын тодорхой тогтолцоо нэгэн цагт Монголчуудын хүчирхэгжилт, мандал бадралын гол чухал хүчин зүйл болж явжээ. Дээр өгүүлсэн мэргэдийн бүтээлээс харахад Тэнгэрийн үзэл бол ихэвчлэн нар бүтэн тусдаг, ерийн хэллэгээр нарлаг ч гэдэг, Төв Азийн нүүдэлчин түмний нийтлэг шүтлэг мөргөл, үзэл санаа, харин “Мөнх тэнгэр” бол түүнд тулгуурлан Монголчуудын үүсгэж бүтээсэн оюун санааны амьдралын нэг хэсэг ухамсрын тодорхой хэлбэр, үзэл санааны цогц нэгэн зүйл тогтолцоо хэмээн хэлж болмоор  байна. Мөнх тэнгэрийг тийнхүү цогц нэгэн тогтолцоо гэх нь эв эе, шүтэн барилдахуйг эрхэмлэсэн санаа бөгөөд Мөнх тэнгэр үзлийнхээ дор Монголчууд нэгдэж нягтрахын үндэс оюун санааны нэгдмэл байдлыг үүсгэснийг харуулж буй хэрэг юм. Өөрөөр хэлбэл, Мөнх тэнгэр нь оюун санааны бас нэгэн нэгдмэл орон зай мөн. Ядахдаа л, Бөө мөргөлтөн, Бурханы шашинтан хоёр, Шинжлэх ухааны эрдэмтэн, эзотерик судлаач хоёр, түүхчин, физикч хоёр, хөгшин, залуу хоёр … гэх мэт өөр хоорондоо зөрчилдөхгүй бие биеийг харилцан хүлээн зөвшөөрч нэг л юмыг олон талаас нь харж буйгаа ухаарах тэрхүү оюун санааны нэгдмэл орон зайн хүрээнд оршицгоох хэрэгтэй ажгуу. Магадгүй эв эе бол эртэн цагийн Монголчууд хүчирхэгжихийн уг сурвалж язгуур үндэс нь байсан ч билүү. Эдүгээ тэр нь бүдгэрээд хөгжихүйн хүч саармагжин өвөр зуураа дэмий толхилцон улс төржихөөс хэтрэхгүй байгаа ч билүү…
Тэнгэрийн үзлийн уг гарвалыг мөшгих нь өөр асуудал боловч суурин хийгээд нүүдэлчин амьдралтай ард түмний аль алинд нь тэнгэрийг гэсэн өөр өөрийн гэх хандлага, учир шалтгаан  байсан нь тодорхой. Харин нүүдэлчид, түүний дотор Монгол нүүдэлчдийн амьдрал тэнгэрээс шууд хамаарч байв. Энэ нь тэнгэрийн өөрийн гэх үзэл үүсэж төлөвшихөд нөлөөлсөн нь илт. Хөрш зэргэлдээ нийгмүүд харилцан холбогдож итгэл үнэмшил, үзэл санааны хувьд ойртож холдох, нэгд нь байсан зүйл нөгөөд нь байхгүй эсхүл аль алинд нь давтагдах явдал бишгүй их байжээ. Төрж өссөн нийгмийн орчин, өдгөөгийнхөөр соёл нь хүссэн, эс хүссэнээс үл шалтгаалан хүмүүнд шингэж үлддэг жамтай ажгуу. Тэгэхлээр бөөгийн мөргөл, тэнгэрийн хандлага Тэмүжин Чингис хаан төрийн хэргийг удирдан явуулахад нэг их зориудын хүчлэлтгүйгээр үйл хэрэгт нь аяндаа л сууж хэрэглэгдсэн байж таарна.
Тэнгэрийн үзэлд нэмэрлэн хэлэх өөр нэг санаа гэвэл, эл үзэлт оюун санааны хийсвэрлэлээс гадна нүүдэлчдийн амьдралын бодтой ахуйгаас ихээхэн хамааралтай юм. Монгол нүүдэлчдийн амьдрал ахуй тэнгэрээс шууд шалтгаацалтайг дээр хэлсэн. Төв Азийн эх газрын эрс тэс, хатуу ширүүн уур амьсгал, ус чийг харьцангуй бага, хуурайшил ихтэй гандуу нутаг нь нүүдлийн эрсдэл бүхий хөдөлгөөнт амьдралын хэв маягийг сонгоход багагүй нөлөөлсөн нь мадаггүй. Монгол нүүдэлчний амьдрал, үнэндээ, дэндүү хатуу ширүүн, дэндүү их  эрсдэлтэй билээ. Чухамдаа амьдралын тэрхүү хатуу хүтүү эрсдэл юунаас болж үүсдэг вэ гэвэл, хүмүүнээс өөрөөс нь харьцангуй бага, харин гадаад тал, байгаль буюу яг нарийндаа тэнгэрээс шууд шалтгаацалтай гэж үзнэ. “Тэнгэр ямар байна?” гэх энэ асуулт, “Тэнгэр хангай муудах вий!” гэх тэр нэг түгшүүр нүүдэлч малчны сэтгэлийн мухарт мөнх оршиж, өөртөө түүнийг цаг ямагт тавьсаар амьдардаг юм. Аль эртэн цагаас л тийм байсан биз. Өнөөгийн капиталист нийгмийн малчин ч ялгаагүй энэ асуултыг өөртөө өдөрт хэдэнтээ тавьдаг нь тэдний хувьд ерийн зүйл бөгөөд түүнээ өөрсдөө ч төдий л анзаардаггүй. Энэ бол Монгол нүүдэлчин тэнгэр газар, байгаль дэлхийтэйгээ оюун санаа, сэтгэл зүрхээр мөнх холбоотойн илрэл мөн. Тэнгэрийн өчүүхэн бага хувирал нэг айлыг бус нэг хэсэг газар нутгийг нэлэнхүйд нь нөмөрнө. Тэдний амьдралын нэг талыг бус бүхий л амьдралыг хамарч, хувь заянд нь нөлөөлөн, эерэг сайн хийгээд сөрөг муу үр дагаврыг авч ирэх төдийгүй мөхөөж ч мэдэх аюулыг агуулна. Тэнгэртээ сүсэглэж мөргөн, аргадаж гуйхын хамтаар мөнөөх эрсдэлийг хэрхэн даван туулах нь тэдний хувьд чухамдаа амьдрал юм. Тийм болохлоор, сүсэг бишрэл, эргэл мөргөл, үзэл онол, арга ухаан, ажил үйлс цөм нэгэн бүхэллэг тэнгэр хэмээгдэх тийм нэг хязгааргүй оршихуй бөгөөд тэр нь тодорхой тогтолцоот шинжийг агуулан байх ажаамуй. Ямар ч ааш аягийг үзүүлж чадах хуйсгар шарвуу мөртлөө, эс өгүүлэгдэм битүү дүнсгэр хязгааргүй уужим үл мэдэгдэхүй тэнгэр болбоос ямагт хөдлөн явах Монгол нүүдэлчдийн хувьд үл дийлэгдэм аугаа их хүчийг тэдний бие сэтгэлд цагт ямагт мэдрүүлэн байх нь илт байх бүлгээ. Тийм болохлоор, тэнгэр бол нүүдэлчин малчны айх айдас, аврах энэрэл болж ахуй амьдралд нь шингэн нэвчсэн байх учраас хийсвэрлэн дээш огихын хажуугаар түүний нууцыг ахуй амьдралаас нь эрэлхийлэх ерийн прагматик хандлагыг ч орхигдуулж боломгүй санагдана. Заримдаа Чингис хааны амьдрал, үйл хэрэгтэй холбоотой түүхэн баримт, мэдээ сэлт хэрэглэгдэхүүн их л ховор мэт боловч өдгөөгийн Монголчууд та бидний амьдрал ахуй, ухамсар сэтгэхүйд шингэж үлдсэн  асар их баримт материал бас бэлээхэн байх шиг санагдана.
“Тэнгэрээс гайхмаар их аюуж, маш их бишрэх …”[15] хэмээн Плано Карпини 800 шахам жилийн өмнө Монголчуудын тухай тэмдэглэн үлдээжээ. Ерийн амьдралд тохиолддог нар, сар, од гаригийн хөдөлгөөн, салхи шуурга, бороо цас, аянга цахилгаан, өвс ногоо, халуун хүйтэн, ган зуд мэтэс болон түүнээс цааших нарийн зүйлийн хувирал өөрчлөлтийн учир шалтгааны үл мэдэгдэх уг үндсийг бүхэлтгэн тэнгэрийн хүч хэмээх ухагдахуунаар төлөөлүүлэн илэрхийлдэг байсан байж болохоор байна. Тэгэхлээр, тэнгэр гэдэг тэрхүү цогцын цаана мэддэгээс илүү мэдэхгүй зүйлс оршин байна уу гэх хар төрнө. Өөрөөр тодруулбаас, тухайн үеийн Монголчууд мэдэхгүй байгаа, учрыг нь бүрэн олоогүй байгаа тэр зүйлсээ тэнгэр гэдэг ухагдахуунаар илэрхийлээд байгаа бус уу гэх бодол бас төрнө. Чухамдаа тэнгэр гэхийн цаана тодорхой бус үл мэдэгдэх түүний наана нь тодорхой бөгөөд одоо мэдэгдэж буй зүйлс байгаа бөгөөд тэнгэр нь тэдний аль алийг багтаасан нэг ёсондоо тэдний нэгдэл хийгээд зөрчлийг илэрхийлж, хоосон чанарыг үзүүлэн, шүтэлцэн барилдаж буй мэт төсөөлж ч болмоор юм шиг. Сократ “юу ч мэдэхгүйгээ мэддэг учраас өөрийгөө хамгийн цэцэн хүн хэмээн үздэг байсан”[16] гэлцдэг. Мөн  “Миний үнэн хэмээн итгэсээр байгаа бүх зүйлийн цаана бас худал оршсоор л байдаг” гэж их мэргэдийн хэн нь ч хэлсэн билээ дээ.
Тодорхой бус байдал гэх эл үгийг энэ удаад ердийн ухамсрын түвшинд бус шинжлэх ухааны тал руу жаахан хазайлган хэрэглэж байгаа болно. Философи, физик[17], математик, эдийн засаг, мэдээлэл зүй, удирдахуйн зэрэг олон ухаанд эл ухагдахууныг хэрэглэдэг. Харин зохиогч энэ удаад түүнийг тогтолцооны тодорхой бус байдал (Systems Uncertainty) гэсэн утгаар хэрэглэж байна. Тогтолцооны төлөв байдал ба гадаад орчны нь тухай мэдээ огт байхгүй буюу зарим талаар байхгүй тохиолдлыг тогтолцоо тодорхой бус байдалд байна гэж үзнэ.  Тодорхой бус байдал тогтолцооны их, бага, үзэгдлийн гүйцэлдэх магадлалаас хамаарч байдаг. Мөн бидний ярилцан буй сэдэвт холбогдох шинжлэх ухааны өөр нэг ухагдахуун бол энтропи юм. Энтропийг 1865 онд Рудольф Клаузиус (Rudolf Clausius) энергийн үл буцах сарнилтын хэмжээг тодорхойлох үүднээс термодинамикийн чиглэлээр анх хэрэглэсэн байна. Түүнээс хойш байгалын ухаанд тогтолцооны эмх замбараагүй байдлыг, мэдээлэл зүйн ухаанд эх үүсвэрийн тодорхой бус байдлыг, динамик тогтолцоонд хаосыг, удирдахуйн ухаанд тогтолцооны төлөвийн тодорхой бус байдлыг тус тус хэмжээсжүүлэхэд ашиглаж байна. Тийм болохлоор Мөнх тэнгэрийг судлахад орчин цагийн шинжлэх ухааны нэгэн ололт болох тодорхой бус байдал, энтропи мэт ухагдахуун, тэдгээрийн чанад орших арга зүйг ашиглах нь чухал юм.