Мөнх тэнгэр, Эзэн Богд Чингис хаан
түүний хууль цааз (засаг),
зарлигийн байрлал
Мөнх тэнгэр, Эзэн хаан, түүний хууль цааз (засаг), зарлигийн
байрлалыг зураад харвал энд үзүүлсэн лүгээ адил дүр төрх харагдана.
Мөнх тэнгэр нь Эзэн хаанаас дээр оршиж, бошиго зарлигийг агуулна
(илгээнэ). Хаан түүнийг хүлээн авч өөрийн дор орших түмэн олондоо
буулгана. “Зарлиг буулгана” гэх хэллэг ч мөн энэ байрлал хийгээд үйлийг
бас зааж байна. Эзэн хаан тэгэхлээр, Мөнх тэнгэрийн хүчийг өөртөө
буулган авч түүнээ бошиго зарлиг (“Их засаг” хуулиуд мэт) болгох ба
өөрөө тэнгэрийн хийсвэр хүч, газрын бодтой хууль хоёрын огтлолцолд орших
аж. Үүнийг ямар нэг байлдлаар хувиргалтын үйл явц болж байна гэх
үндэстэй бөгөөд инженерийн ухаанаар бол тогтолцоонд шилжилт явагдаж
байна гэсэн үг юм. Тухайлбал, тогтолцооны оролт нь тэнгэрийн хүч
(өгөдлүүд), гаралт нь Эзэн хааны хууль зарлиг (үр дүн) болон хувирах үйл
явц дотоодод нь болж байгаа хэрэг. Энэ бол мэдээлэл нэг тийш дамжин
боловсрогдож буй удирдахуйн ухааны гол зарчим хэрэгжсэнийг харуулна.
Хэрэв үүнийг О.Лхагва гуайн яриад буй Синергетикийн ухааны талаас
төгсгөлгүй хэмжээсээр төсөөлөн үзэхүл ухаарал гэгдээд буй сонголтын үйл
явц болж буй нь тэр. Чингис хааны Мөнх тэнгэрийн үзэл бол зохиомол,
тохиолдлын зүйл биш аль ч талаас нь харсан учир шалтгаантай, орчин
цагийн шинжлэх ухааны арга зүйд хөрвүүлж болохуйц зүйл юм гэдгийг
харуулсан ганц нэгхэн жишээ татахыг завдваас ийм байна. Мөнх тэнгэрийн
хүчний тухайд, хэлэх үг гэвэл, энэхүү тэнгэрийн хүч нь эгэл хүмүүний
хэрээс хэтийдсэн, зөвхөн тэнгэр язгуурт хаан хүнд заяасан бусдыг
дагуулан нэгтгэх аугаа их эрч хүч, эр зориг, өөртөө итгэх гүн бат итгэл
мөн гэдгийг л баттайгаар хэлж болох байна. Хэдийгээр Мөнх тэнгэрийг тал
бүрээс нь судалсаар боловч түүний чанд мөн чанарыг онож бүрэн гүйцэд
тайлахад өнөөгийн шинжлэх ухааны арга ухаан дангаараа хүрэлцэхгүй, ер
боломжгүй, чухамдаа төмрийг модоор огтолсугай гэхтэй утга дүйж мэдэш
юм. Энэ нь Чингис хааныг бүрэн гүйцэд ухаж мэдэхтэй ч зарим талаар
хамаатай. Тийм болохлоор, Эзэн Богд Чингис хааныг судлахад дан ганц
шинжлэх ухааны сонгодог онол баримтлал, арга ухаан төдийгүй шашин,
мөргөл, Эзотеризм, Оккультизм, Мистицизм гэх мэт ил ба далд, бодтой ба
бодтой бус, шугаман ба шугаман бус юу эс мундах, хүмүүний оюун ухааны
бүхий л боломжийг шавхан ашиглах нь зүй ёсны хэмээлдэнэ.
Хэвлээд харах
“Манай орны гол мөрд усны 3 ай савд хамаарагдана. Алтай, Хэнтий, Хангайн уулс нь дэлхийн усны хагалбар болдог”[18]
гэж бичсэнчлэн дэлхий дээрх гол мөрөн манай нутгаар зааглагдан урсгал
салдаг бол Монголын нийгэм Өрнө ба Дорнын шашин соёлын уулзвар болдог
байна. Үүнд Хятан, Зүрчид, Согд, Уйгур, Түрэг, Сартуул зэрэг хагас
нүүдэлчин аймгууд ч чухал нөлөөтэй байв. Оюун санааны нэгдмэл байдал
үүсгэх нь өөр бусад үзэл санааг нухчин дарж ганц “Мөнх тэнгэр”-ийн дор
бүхнийг нэгтгэнэ гэсэн үг биш юм. Монголчууд түүний удирдагч Чингис хаан
Будда шашны “Хятад, Солонгос, Япон, Вьеатнам, Камбож, Төвд, Тангуд;
лалын шашин, түүний хоёр урсгал суннит, шийтийн Иран, Ирак, Хорезм,
Афганистан; бөөгийн шашны Хар Кидан, ойн аймаг; загалмайн шашинтнууд,
түүний урсгалууд –католик, үнэн алдартны Төв ба Дорнот Европ; өөрийн
доторх несторианчууд; иуддейн өлгий Палестин, товчилбол, дэлхийн бүх
шашинтныг ялгаваргүйгээр дайлжээ. Тэрбээр, аль нэг шашны нь талд орж
нөгөөгийн эсрэг тэмцэж, их дайныг шашны шинж чанарт хүргээгүй юм”[19].
Монголчуудыг “Мөнх тэнгэр” үзлээс нь
хөлбөрүүлье гэх гадны хүчин, оролдлого байсаар байжээ. Үүний нэг тод
жишээ бол Чан чун бомбын айлчлал юм. Чингис хаан, Чан Чун бомбо хэн хэн
нь тухайн үеийнхээ олон нийтэд нэр нөлөө бүхий, хүлээн зөвшөөрөгдсөн
оюун санааны удирдагчид мөн тул тэдний уулзалт нь хэн хэндээ
хүндэтгэлтэй хандсан дипломат явдал мөн байсан боловч басхүү тэдэнд тус
тусын ашиг сонирхол ч байсан нь мэдээж юм. Чингис хааны хувьд “Мөнх
тэнгэр”-ийн суртлаа барих, Чан Чуны хувьд Дорнын суурин иргэншлийн ёс
суртлаар хаанд нөлөөлөх, болж өгвөл бомбын эрхшээл нөлөөнд оруулахыг
оролдох боловч тэр нь бүтэлгүйтмэгц эргээд хааны эвээл хамгаалалтанд
багтаж чадсан бөгөөд чухамдаа, тэнд “Мөнх тэнгэр” ба бомбын ёс суртал
хоёр халз тулгараад авсан шиг байна. Чингис хааныг Күнзи, Будда,
Лаоцзийн “гурван мэргэний сургаал”, Бомбын шашны нэг урсгал болох
Цюаньчжэн (үнэн төгөлдөр) гэх эртний мэргэдийн сургаалаар гэгээрүүлэхийг
Лю Вэнь[20], Елюй
Чуцай, Чанчунь бомбо нар ихэд чармайн хүчин зүтгэл гаргасан боловч
олигтой үр дүнд хүрсэнгүй. “Учир нь Чанчунь бомбыг хэд хэдэн удаа хүлээн
авч Бомбын шашны ном суртлыг сонссон ч Монголын их хаан эртний “Гурван
мэргэний” сургаалийг төдий л ойшоон болгоосонгүй, өөрийн Бөөгийн мөргөлд
үнэнч хэвээр үлджээ”[21]
хэмээн Н.Төмөр гуай бичсэн байна. Энэ нь Чингис хаан зөвхөн шашин
мөргөлдөө төдийгүй “Мөнх тэнгэр”, язгуур Монгол ёс сурталдаа итэгсэн
хэвээр үлдсэнийг нотлоно. Мөн Чингис хааны дэргэд 10 орчим жил
шадарласан Елюй Чуцай “Күнзийн сургаалаар улс орныг ноёрхон захирах”
талаар удаа дараа санал тавьж зөвлөсөн боловч Чингис хаан түүнийг хүлээж
авсангүй тухай “Номхон даянчийн зохиолын эмхтгэл” хэмээх зохиолдоо нэг
бус удаа дурдсан[22]
байдаг ажээ. Хаяа дэрлэн орших их суурин иргэншлүүдийн зүгээс янз
бүрийн шугамаар иймэрхүү оролдого цөөн бус удаа гарсаар байсан баримтууд
мэр сэр дайралдана. Европыг бүхэлд нь ноёрхож улмаар хүрээгээ Ази болон
бусад зүгт тэлэхийг эрмэлзэх болсон Христийн ертөнц дахины үзэлтэй
Монголчууд тулгарч байлаа. Ромын Пап, Христийн шашинтан Францын Луи хаан
тэргүүтэн захидал, шаардлага ирүүж, элч номлогчдоо илгээж, “Мөнх
тэнгэр” суртлаас нь урвуулан хөлбөрүүлэхийг чармайж байсан нь өнөөдөр
нэгэнт тодорхой болсон зүйл. Тэр бүхэнд Чингис хааны залгамжлагчид
Өгэдэй, Гүюг, Мөнх, Хубилай тэргүүтэн их хаад “Дээр гагц Мөнх тэнгэр,
дор гагц Эзэн Чингис хаан” оршмуй гэх язгуур сурталдаа үнэнч хэвээр бат
зогсож, үндэсний оюун санааны нэгдмэл байдлаа чанд сахин хамгаалж
байлаа. Иймэрхүү шахалт тулгалт лалын сурталтан нарын зүгээс ч мэр сэр
гарч байж. Ер нь XII зууны үеийн үзэл санаа, ёс суртал, шашин мөргөлийн
хоорондох зөрчил тэмцэл яван явсаар сүүлдээ бүр зэр зэвсгийг хангинуулан
мөргөлдөхөд хүргэсэн, энгийн олныг хөнөөн хилмэгдүүлэх бусармаг хэргийн
уг сурвалж болсон байж мэдэхээр билээ. Хожмоо “Мөнх тэнгэр” суртахууны
хүч аажим боловч сулрах болсон тэр хэмжээгээр үндэсний оюун санааны
нэгдмэл байдал алдагдан, Монголын эзэнт гүрэн задран унахад ч хүрсэн
байж болохоор байна. Тэр бол Монголчуудад түүхэн явдлаас хүлээлгэсэн
сургамж бас эмгэнэл байсан ажгуу.
Их Монгол улс албан ёсны бүх нийтийн
бичиг үсэгтэй болсон, олон шашин зэрэгцэн номлохыг хүлээн зөвшөөрсөн
явдал нь үндэсний оюун санааны нэгдмэл байдлыг бүрдүүлэхэд зохих
хэмжээгээр эерэг нөлөө үзүүлсэн болов уу гэж бодогдоно. “Чингис хаан
Хорезмыг дайлах үедээ Чан Чунь бомботой уулзсаны дараа “Гурван мэргэний
сургаалийг нэгтэгсэн” (Кунз, Будда, Лао-зы нарын суртал) “Чүаньжэнь”
ёсны суртлыг эзлэгдсэн орны хүн амын сэтгэл санааг төвшитгөх үйл хэрэгт
ашиглах чиг бодлого баримталсныг Өгэдэй үргэлжлүүлсэн”[23]
хэмээн Д.Наран гуай тэмдэглэжээ. Магадгүй сүүлд Хубилай хаан төрийн
хэрэгт Бурханы шашиныг нэвтрүүлсэн нь нэг талаас Хятадын Күнзийн болон
Бомбын суртлыг нэвтрүүлэхгүй хаалт болгох, тэр нь Монголчуудын хувьд
чухал байх, нөгөө талаас Хятад мэт их үндэстнийг Бурханы шашин дор
нэгтгэн захирах нь илүү дөхөмтэй байсан байж болох. Яагаад гэвэл,
тэдгээр суурин иргэд Бурханы шашныг нүүдэлчдийн “Мөнх тэнгэр”
суртахуунаас эрх биш, илүү ойр дөт хүлээн авах болов уу гэсэн найдлага
байсан ч байж болно. Олон шашныг хэдийгээр хүлээн зөвшөөрөх боловч тэр
бүхнийг өөрсдийн “Мөнх тэнгэр” –т багтаан үзэж, олон янз шашин суртал
байвч тэд эцсийн бүлэгт “Мөнх тэнгэр” суртал ёсоор эе эвийг эрхэмлэх
ёстой байсан ажгуу. Хубилай хаан ордондоо Христосын, Бурханы, Исламын,
Еврейн шашны баяр ёслолыг тэмдэглэдэг байсан бөгөөд энэ дөрвөн Богдын
аль нь ч орчлонгийн ард иргэдэд хүндлэгдэн шүтэгддэг, хурмаст тэнгэр
дээр хамгаас хүчирхэг, хамгаас үнэн байдаг учир миний тэдэнд сүсэглэж
намайг авран тэтгэж байхыг даатгадаг хэмээн хэлдэг тухай Марко Поло
тэмдэглэжээ. Энэ нь өнгөц харахад олон шашныг хүлээн зөвшөөр байгаа
төдий боловч үнэн хэрэгтээ “Мөнх тэнгэр” суртахууны эе эвийг эрхэмлэсэн
оюун санааны нэгдмэл байдлыг бүрдүүлэх, тэгээд амар амгалан оршин
амьдрах үзэл санаа буй гэвэл төөрөгдөл лав биш болой.
“Эцэст нь, Монголууд тюркүүд, Хүн нар,
Марматууд, Скифүүд нь Эллинүүд, Ромынхон, Араавууд, Францууд, Германууд,
Англиудаас юугаараа ч доргүйг хэлье”[24]
гэх маягийн үзэлтээр түүх бичлэгийн хандлагыг өөрчилж байсан
Л.Н.Гумилев авхай Чингис хааны ер бусын чанарыг олонтаа хүлээн
зөвшөөрсөн байдаг. Тэгэхдээ Л.Гумилев Их хааны ер бусын амжилтыг
“пассионар түлхэлтээр програмчлагдсан”, “их засаг хуулийн хүч” мэттэй
холбосон байдаг бол бидний хувьд ”Мөнх тэнгэр” үзэл хийгээд хааны суу
заль мэтэд хамаг учир начир оршин байсан бус уу гэх гээд байгаа улс.
Шулуухан хэлэхэд, Мөнх тэнгэр үзэл тухайн үедээ Монголчуудын оюун
санааны нэгдмэл байдлыг үүсгэн түүний хүчээр эв эеийг эрхэмлэн сахиж,
болд төмөр мэт нэгдэж нягтарсны хүчинд их ялалт амжилтад хүрсэн бус уу
гэх санааг хэлэх гээд байгаа хэрэг. Үүнийг зөвхөн өнгөрсөн түүхийн
баримт сэлт төдийгүй өнөөгийн Монголчуудын амьдралын үнэн бодтой ахуйг
амьдран өнгөрүүлсэн туршлага, ажиж тандсан судалгаа, бодож тунгаасан
эргэцүүлэлд тулгуурлан хэлж байгаа болно. “Нүүдэлчид ялан дийлэх
чадвараа алдаж, харин суугуулууд нь XIII зууны эхэнд байсан тэр чадвараа
хадгалсаар иржээ”[25]
гэсэн Гумилов авхайн эл үг нүүрийг нь бүү хэл нүдийг нь оносон мэт.
Яагаад тэр чадвараа алдав? Яагаад гэвэл, эхний ээлжинд оюун санааны
нэгдмэл байдлаа (Мөнх тэнгэрийн хүчийг) алдсан гэж хэлэхэд илүүдэх юун
билээ.
Үнэндээ, XI-XIII зуунд бол зөвхөн
Монгол нутагт төдийгүй Баруун Европ, Ойрхи Дорнод, Энэтхэг, Иран, Өмнөд
газар хай сайгүй овгийн байгуулал задрах явц давамгайлсан хэсэг бусгаар
тэмцэлдэн хямралдаж “Орондоо унтах завгүй олзлолдон булаалдаж” байжээ.
Ийм цаг үед оюун санааны нэгдмэл байдал бий болгох нь ёстой л тэнгэрээс
буулгасан бошиго зарлиг гэхээс өөрөөр үзэхийн аргагүй байсан гэлтэй.
Манай гараг дээр хувьчилж эс болох ганц зүйл аваас агаар тэнгэр юм. Энэ
бол хүмүүн олны орь ганц дундын өмч, үнэт зүйл мөн. Нэгэнт л тийм нэг
хамтын “өмч”-тэйгээс хойш түүнээсээ хэн нь илүү эсхүл дутуу хүртэх тухай
ойлголт бүдгэрч зөвхөн нийтлэгийн тухай ярихаас өөр аргагүй болно.
Өөрөөр хэлбэл, нийтийн ёс жаягаар аж төрөхөд хүрнэ. Бидний ярилцан буй
Тэнгэрийн үзлийн мөн чанар ч үүнтэй холбоотой байж юуны магад.
Монгол ардын билиг сургаальд эвлэлдэн нэгдсэнээр хүчжихийг өгүүлэхдээ:
Хоёр хүн эвтэй болбоос төмөр хүрээ мэт бэх,
Хорин хүн эвгүй болбоос эвдэрхий хүрээ мэт хэврэг.
Өнөр хүн эвгүй болбоос өнчин хүний элэг болох
Олон хүн эвгүй болбоос оорцог хүний идэш болмой[26]
хэмээсэн байх ажээ.
Хэдийгээр дайтан байлдах, эвдэн
бусниулах таагүй явдал байсан боловч чухамхүү түүнийг л дахин давтан
гаргуулахгүйн тулд энх амгаланг тогтоох “Мөнх тэнгэр”-ийн үзэл санаан
дор эвлэлдүүлэн нэгтгэхийг зорьж байсан нь өнөөдөр тодорхой болж байна.
Үүнийг ч олон улсын хүрээнд хүлээн зөвшөөрч Pax Mongolica хэмээн
томъёолж улс төр, эдийн засгийн нэгэн нэгдмэл хамтын нийгэмлэг бий
болгохын төлөөх тэмцэл гэдгийг мэдэх боллоо.
Монгол улс бүхэл бүтэн хоёр зууныг
дамжин дэлхийн хүчирхэг их гүрэн болсон нь зөвхөн цэргийн сүр хүч
төдийгүй үзэл суртахуун, соёл боловсрол, шашин мөргөл тэргүүтэн оюун
сэтгэлгээний хүчирхэг нэгдмэл тогтолцоо бүрдсэн явдал их үүрэг
гүйцэтгэсэн нь тодорхой. Оюун санааны нэгдмэл байдлыг зүйрлэн хэлбэл
иргэн бүрийн сэтгэл, оюуны баялгийг нэг савд хураах явдал байсан мэт.
“Сааль бэлдэхээр саваа бэлдэх” сэтгэхүйгээр Чингис хаан саваа бэлдсэн нь
ойлгомжтой. Тэр сав нь бидний ярилцан буй “Мөнх тэнгэр” ажгуу. Өөрөөр
хэлбэл, Чингис хаан түүнд бүх Монголчуудын сэтгэл оюуныг хураан нэгтгэж,
нэгэн цогц болгон нягтруулж чаджээ гэсэн үг. Тийм ч учраас “Сэтгэлийг
хурааваас бие нь хааш одох” хэмээн айлдсан болов уу. Өнөөдөр харин
тэрхүү оюун санааны нэгдмэл цогц хаана оршино? Устаж алга болсон уу?
Эвдэрч сүйдсэн үү? Задарч бутарсан уу?… Түүний элтэрхий хэлтэрхий эртэн
цагийн булш буханд орсон уу? Сүм хийдийн бурхан тахилд шингэсэн үү? Онго
шүтээн болж уул хаданд гарсан уу? Эсхүл Монгол хүн бүрийн зүрх сэтгэлд
мөнхрөн үлдсэн үү?… Хичнээн удаж, юунд хувилсан ч устаж алга болоогүй нь
хэн бүхэнд ойлгомжтой. “Монгол хүн бүрийн эртний язгуур үндэс болсон
амин сүнс устдаггүй бололтой. Тэр амин сүнс л Монгол хүнийг Манж нарт
ялагдуулаагүй, Түвд буддын шашинд сөхрүүлээгүй, социализмд хөл
алдуулаагүй бас ардчилал нэртэй хувьсгалд тархи угаалгуулаагүй”[27]
хэмээн С.Молор-Эрдэнэ гуайн хэлсэнтэй санал нийлнэ. Харин оюун санааны
нэгдмэл байдал маань хэсэг бусгаар тарсан, далдлагдсан, мартагдсан байж
мэднэ. Тэрхүү нэгдмэл байдлаа сэргээн нэгтгэх хэрэгтэй. Зөвхөн сэргээн
нэгтгээд зогсохгүй байнга нөхөн сэлбэх хэрэгцээ буй. Тэр нь сургууль
боловсролын хэргийг хөхиүлэн дэмжих түлхэц ч бас болмуй. “Нийгэм доод
шатнаас дээд шатанд дэвшин хөгжихийг хүлээн зөвшөөрвөл тэр нь энергитэй
шууд холбогдох болно. Тэрхүү энергийн үүсгүүр нь нийгмийн хувьд
боловсрол юм”[28]
No comments:
Post a Comment